Эх хэл, бичиг

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Saturday, June 23, 2018

Бүтээлч уншлагын аргууд

1. Чиглүүлэгтэй уншлагын арга 
Эх зохиолыг уншиж, ойлгоход сурагчдад туслах энэ аргыг хичээлийн мэдлэг бүтээх үе шатанд ашигладаг. 
Үндэслэл: Чиглүүлэгтэй уншлагын арга нь сурагчдад эхийн гол санааг ойлгох, багш сурагчид харилцан ярилах боломж олгодог давуу талтай. 
Бүлгийн хэмжээ: 25-аас дотогш бүлгээ бүрдүүлсэн үед хэрэглэх нь зохимжтой ба 25- аас олон сурагчтай үед сурагчдын оролцоо буурах талтай байдаг. 
Хэрэглэгдэхүүн : Эхийг сурагчдын тоогоор хувилж бэлтгэх ба сурагч бүр тэмдэглэл хөтөлж явна. 
Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 30-40 минутад гүйцэтгэдэг. 
Дасгалыг гүйцэтгэх алхам: 
        Алхам 1 Удиртгал хэсгийн үед сурагчдын сонирхлыг төрүүлж, идэвхжүүлэх нэгээс хоёр аргыг хэрэглэх боломжтой ба тухайн сэдвээр сурагчдын мэдлэгийг сэргээх түлхүүр үгсийг танилцуулах зэрэг болно. Энэ нь сурагчдад эхийн гол санааг таамаглах сэдэл болж өгнө.  
      Алхам 2 Чиглүүлэгтэй уншлагын аргыг хэрэглэхийн тулд багш эхийн гол утга санааны дагуу холбогдох цогцолбороор нь хэсгүүдэд хуваасан байх ёстой. Хэсэг бүрд нь гол санааг ойлгуулахад дөхөм асуултыг бэлтгэнэ. 
  1. Сурагчид эхийг зогсолттой уншина. 
  2. Асуулт бүхий уншлага явагдана. Сурагчид эхийг чимээгүй уншилтаар унших ба багшийн асуултад хариулт өгөх замаар үргэлжилнэ.
  3. Сурагчид хариултаа эхийн тохирох хэсгийн уншиж баталгаажуулна
     Алхам:3 Сурагчид ойлголтоо баталгаажуулж, танхимд ойлгосон мэдээллээ амьдралд болон дараагийн хичээлийн хичээлүүдэд хэрэглэх бололцоо олгохоор шаардлагын дагуу 
  1. Гэрийн даалгаварт дээрх сурсан уншлагын аргаа баталгажуулан бататгахын тулд дүрүүдийн талаарх мэдлэг төсөөллөө бод хамтар хуваалц болон инсерт бичлэгийн аргаар тодорхойлон бичиж болно. 
  2. Зан төлөвийн хүснэгтийн дагуу дүрүүдийн талаар таамаглал дэвшүүлж болно. 
  3. Зан төлөвийн зураглал дасгалыг хэрэглэж болно.
Үр дүн: Эхийг зогсолтгүй үргэлжлэн уншихын оронд тодорхой асуултад хариу өгөх, хариултыг олох зорилготой унших нь сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Сурагчид алив нэгэн асуултыг хариуг олохдоо ямагт шинэ нээлт хийсэн мэт баяр баясгалантай байдаг ба олон янзын хариулт , гаргаж, санаа бодлоо солилцох нь тэдний хувьд ямагт сонирхолтой байдаг. 
2. Таамаглал дэвшүүлэх уншлага
 Эх зохиолыг уншиж ойлгоход сурагчдад дөхөм болох арга юм. 
Үндэслэл: Энэ арга нь чиглүүлэгтэй уншлагатай төстэй боловч сурагчдад бие даан таамаглал дэвшүүлэх боломж олгодог болно. 
Бүлгийн хэмжээ: 4-40 хүртэл сурагчид 
Хэрэглэгдэхүүн : Эхийг сурагчдын тоогоор хувилж бэлтгэх ба сурагч бүр тэмдэглэл хөтлөх хүснэгтийн загварыг самбарт зурж өгнө. 
Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 15-30 минутад гүйцэтгэдэг. 
Дасгалын явц: 
     Алхам 1 Эхийг дөрвөөс таван хэсэгт хувааж тэмдэглэнэ. Зогсолт хийх хэсэг нь эхийн гол санааг илэрхийлэх хэсгүүдтэй давхцах ёстой гэдгийн санах ёстой. 
    Алхам 2 Сурагчдад эхийг зогсолттойгоор хэсэгчлэн уншина гэдгийг тайлбарлан хэлнэ. Эхийн дараагийн хэсгийг уншихгүй байхыг тэдэнд анхааруулна. Эхийн хэсэг бүрийн дараа цаашаа ямар үйл явдал өрнөр талаар сурагч бүр өөртөө таамаглал дэвшүүлсний дараа дараагийн хэсгийн унших юм. 
     Алхам 3 Сурагчид зохиолын нэр, сэдвийн гарчиг, зохиогчийн нэийг уншина. Үүний дараа энэ зохиолд юуны тухай бол? Гэсэн таамаглалыг сурагчдаас асууна. Сурагчдын санааг “ Юуны тухай өгүүлэх бол ? гэсэн хүснэгтэд тэмдэглэнэ. Сурагчдаас яагаад ингэж бодож байгаа талаар хариултуудыг “Яагаад?” гэсэн хүснэгтэд тэмдэглэнэ. 
    Алхам 4 Одоо сурагдаас эхийн эххний хэсгийг уншихыг хүснэ. Зогсолт хийх хэсэгт хүрмэгцээ өөрсдийн дэвшүүлсэн таамаглалыг зохиолын хэсэгтэй харьцуулна. “Зохиолд өгүүлсэн зүйл? “ гэсэн хүснэгтэд сурагчдын хариултыг багш тэмдэглэнэ. 
    Алхам 5 Багш сурагчдын дэвшүүлсэн таамаглалыг уншиж өгөх ба аль нь зохиолын үйл явдалтай тохирсон болохыг ярилцана. Түүнчлэн сурагчдаас таамаглалыг зөв болохыг харуулсан зохиолын хэсгийн уншиж өгөхийг хүснэ. 
    Алхам 6 Одоо зохиолын дараагийн хэсэгт юуны тухай өгүүлэх талаар сурагчид таамаглал дэвшүүлж санааг “ Юуны тухай өгүүлэх бол ? гэсэн хүснэгтэд тэмдэглэнэ. Харин “Яагаад?” хүснэгтэд сурагчдын нэрлэж буй шалтгаануудыг тэмдэглэнэ. Сурагчид эхийн дараагийн хэсгүүдийг чимээгүй бие даан унших ба хэсэг бүрийн дараа өөрийн таамаглалаа зохиолын үйл явдалтай харьцуулж үзнэ. Энэ мэтээр зохиолыг сурагчид бие даан уншиж дуусгана. 
     Алхам 7 Төгсгөлд нь “Зохиолд өгүүлсэн зүйл“ хүснэгтэд сурагчдын хариултыг бичих ба хичнэлийн эхэнд дэвшүүлсэн таамаглалуудыг зохиолд өгүүлсэн явдалтай харьцуулж үзнэ. 
Хүснэгтийн загвар: Юуны тухай өгүүлэх бол? Яагаад? Зохиолд өгүүлсэн нь ? Зохиолын нэр, гарчгийг уншсан дараа Эхний хэсгийг уншсаны дараа Хоёрдугаар хэсгийг уншсаны дараа Эхийг бүрэн уншсан дараа 
Үр дүн: Сурагчид алив зүйлийг урьдчилан таамаглах, сэтгэн бодохуйн чадваруудыг хөгжүүлэхээс гадна эхийн үйл явдал, дүр дүрслэлийг тогтоох, харьцуулах, ургуулан бодох, сэтгэлдээ мартахгүйгээр хоногшуулах ач холбогдолтой. Монгол хэл, уран зохиолын дунд болон урт хэмжээний ямар ч эх зохиолыг уншуулах үед хэрэглэж болно. 
3. Текстийг кодолж унших арга
 Энэ арга нь текстийн агуулгын хамгийн чухал мэдээллийн дагуу багш өөрийн урьдчилан дэвшүүлсэн асуултуудыг сурагчдад өгөх ба текстийг уншихдаа тэхүү мэдээлэл бүхий хэсэгт тэмдэг тавина.
 Үндэслэл: Тодорхой мэдээллүүдийг текстээс олох болон асуултад хариулт олох хөшүүлэг болдог.Текстийг тэмдэглэл хийн унших арга нь чухал мэдээллүүдийг илүү анхаарч ойлгоход дөхөм үзүүлдэг.
 Бүлгийн хэмжээ: Хүхдийн тоо хэд ч байсан болно. 
Шаардагдах хугацаа: Текстийг кодолж унших арга нь эх текстийг шууд уншихаас ойролцоогоор 25 хувь илүү цаг хугацаа зарцуулдаг. 
Дасгалын явц: 
     Алхам 1 : Сурагчдаар уншуулах текстээс учхал мэдээллийг багш урьдчилан баримжаалсан байх ёстой ба мэдээлэл бүрийг тэмдэглэх онцлог хэсгмйг бодож олсон байна. 
     Алхам 2 : Текстээс ямар ямар мэдээлэл хайхыг нь багш сурагчдад жишээгээр юм уу сайтар тайлбарлаж ойлгуулна. Мэдээллийн хэсэг бүрд ямар код хийхийг хэлж өгнө. 
    Алхам 3 : Сурагчид эх ткстийг унших ба харандаагаар текстийн захад тохирох код буюу тэмдэглэгээг хийж өгнө. 
Үр дүн: Эхийн чухал хэсгийн ялгаж тодруулж унших ба багш анхаарал татах буюу, дүрийг шинж чанарыг илтгэсэн эсвэл зохиолын зангилаа хэсгүүдийг тэмдэглэж сурагчдад ойлгуулах үр дүнтэй. 
4. Асуулгатай уншлага 
Үндэслэл: Хүндэвтэр эхийг сурагчид хос болон ажиллах замаар хамтран уншиж ойлгох юм. Асуулгатай уншлага арга нь энгийн хялбар учраас сурагчид амархан эзэмшдэг онцлогтой. 
Бүлгийн хэмжээ: хэдэн хос ч байж болно. 
Хэрэглэгдэхүүн: Хос бүрд текстийг нэг хувь хувилан өгнө. 
Дасгалын явц: 
    Алхам 1 : Унших текстийг сонгох ба хэлэлцүүлэг өрнөх хэсгийг текстээс сонгоно. (Өгүүлбэрээр байх уу, догол мөрөөр байх уу, хуудсаар байх уу гэдгийг багш сонгоно) 
      Алхам 2 : Хосоор хамтран ажиллах ба эхний сурагч догол мөрийг чангаар уншина. 
     Алхам 3 : С онссон сурагч уншсан хэсэгтэй холбоотой асуулт асуух ба нэгдүгээр сурагч хариулахыг хичээнэ. Дараа нь хоёул хамтран хэлэлцэж, хамгийн зөв хариултыг сонгоно.           
      Алхам 4: Одоо хоёр сурагч үүргээ солин дээрх байдлаар үргэлжлүүлэн ажиллана. Санамж: : Сайн асуулт” –ын талаар тодруулья. 
Гол утгыг тодруулах асуулт /Зохиогчийн дэвшүүлсэн хамгийн чухал санаа юу вэ? / Мэдээллийг нарийвчлах асуулт: /Зохиогчийн ............гэсэн нь дүрийн ямар шинжийг илүү тодруулж байна вэ? / Нэмэлт тайлбар шаардах асуулт: /та яагаад ингэж бодож байна вэ? / Текстийн өмнөх ба дараах хэсгүүдийг холбох асуулт: / Энэ талаар бид юу мэдэх шаардлагатай байна вэ? Зохиогч юуны тухай өгүүлэх бол? / 
5. Зэрэгцүүлсэн тэмдэглэл буюу KWL-ийн аргаар мэдээллээ цэгцлэх унших уншлагын арга Эх зохиолыг уншиж, ойлгох, уншсан мэдээллээ цэгцлэхэд сурагчдад туслах энэ аргыг хичээлийн мэдлэг бүтээх үе шатанд ашигладаг. 
Үндэслэл: Энэ арга нь сурагчдад уншсан зүйлээ цэгцлэх, ойлголтоо нэгтгэх боломж олгодог давуу талтай. 
Бүлгийн хэмжээ: Бүлгийн доторх сурагчдын тоо хамаарахгүй. 
Хэрэглэгдэхүүн : Эхийг сурагчдын тоогоор хувилж бэлтгэх ба сурагч бүр тэмдэглэл хөтөлж явна. 
Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 30-40 минутад гүйцэтгэдэг. 
Дасгалыг гүйцэтгэх алхам: 
    Алхам 1 Удиртгал хэсгийн үед сурагчдын анхаарлыг шинэ сэдэвт хандуулан, сонирхлыг нь өдөөхөд л хангалттай. Багш самбарт “Мэднэ- Мэдэхийг хүсч буй зүйл - Шинээр мэдсэн зүйл” гэсэн хүснэгтийг самбарт зурна. Бидний мэдэж буй зүйл? Бидний мэдэхийг хүсэж буй зүйл? Бидний шинээр мэдсэн зүйл?
   Алхам 2 Сурагчид ганц ганцаараа болон хосоор ажиллаж болно. Хосоор ажилласан нь илүү үр дүнтэй. 
  1. Сурагчид эхийг ганцаар, эсвэл хосоор уншина. 
  2. Асуулт бүхий уншлага явагдана. Сурагчид эхийг чимээгүй уншилтаар унших ба багшийн асуултад хариулт өгөх замаар үргэлжилнэ. 
  3. Сурагчид хариултаа өгөхдөө хосоор ярилцан шийдэлд хүрсний дараа багшийн асуултад хариулах, хоорондоо ярилцах, хосоороо нэгтгэж ярилцсан ойлголтоо хүснэгтэд нөхөх замаар үргэлжилнэ. 
   Алхам 3 Сурагчид ойлголтоо баталгаажуулж, танин мэдэхүйн төсөөлөл дээрээ тулгуурлан, шинэ зүйлийг сонирхох сэдэл төрөх болно. Гэрийн даалгаварт дээрх сурсан уншлагын аргаа бататгахын тулд уншихаар сонирхож буй номоо дээрх аргаар бие даан тэмдэгэлэл хөтлөн уншиж болох юм. 
Үр дүн: Эхийг зогсолтгүй үргэлжлэн уншихын оронд тодорхой асуултад хариу өгөх, хариултыг олох зорилготой унших нь сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Энэ аргын гол үр дүн нь сэдвийг цааш үргэлжлүүлэн судлах, бүрхэг байсан мэдээллийг олох сэдлийг сурагчдад төрүүлдэгээрээ онцлог юм.
6. Түлхүүр үгээр тэмдэглэл хийж унших арга 
Үндэслэл: Энэ арга нь эхээс гол зүйлээ ойлгох, хэсэг хугацаа өнгөрсөн ч эргэн санах боломж олгодог болно.
 Бүлгийн хэмжээ: Сурагчдын тоо харгалзахгүй. 
Хэрэглэгдэхүүн : Эхийг сурагчдын тоогоор хувилж бэлтгэх ба сурагч бүр тэмдэглэл хөтлөн явна. 
Хугацаа: Унших эхийн хэмжээнээс шалтгаална. 
Дасгалын явц: 
    Алхам 1 Цогцолбор бүрээс эхийн гол санааг илэрхийлэх түлхүүр үгсийг тэмдэглэж явна. Мөн санал нийлж буй болон нийлэхгүй байгаа хэсгийг хажууд давхар тэмдэглэл хийж ч болно.
    Алхам 2 Сурагчдад эхийг зогсолттойгоор хэсэгчлэн уншина гэдгийг тайлбарлан хэлнэ. Эхийн эхний хэсгийг уншиж дууссаны дараа гол санааг илэрхийлэх ямар ямар түлхүүр үгс байв гэдгийг бодож сурагчид тэмдэглэх замаар явна. 
     Алхам 3 Эхийн хэсэг бүрийн гол санааг илэрхийлэх түлхүүр үгсийг нэгтгэнэ. 
Үр дүн: Тухайн эхийг уншаад дууссаны дараа тодорхой хугацаа өнгөрсөн ч сурагчид өөрсдийн тэмдэглэлээ хараад эхийн гол утга санааг сэргээн санах боломжтой. Суралцагчдын сурах үйлийг зөв удирдан чиглүүлэх нь чухал бөгөөд үндсэн үйлийн нэг бол унших юм. Унших үйлийг зөв зохион байгуулах, унших чадвар, бүтээлчээр унших аргуудад суралцуулах, эх зохиолын утга санаа, дүр дүрслэлийг тод томруун гаргах зорилгоор хэрэглэсэн яруу хэллэг, янз бүрийн зан араншин, төрх байдалтай баатруудын ярианы өнгө аяс, онцлогийг уншлагаар илрүүлэх амьд ажиллагааг шаарддаг. Сурагчдыг эх зохиолтой ажиллаж сургах, унших дур сонирхлыг нь хөгжүүлэхэд уншлага чухал байр эзэлнэ. 
Уншлага явуулах хэлбэр, аргын талаар товч дурдвал: 
Бусдад унших уншлага: Бусдыг сонсож, ойлгоход зориулан чанга дуугаар унших уншлага.  Өөртөө унших уншлага. Дуугаралгүй, зөвхөн гүйлгэн харж унших уншлага. Харааны уншлага ч гэж нэрлэдэг.Уншлагын хичээл явуулах зарим аргаас товч дурдваас:
Үлгэрлэн унших: Хичээлийн эхэнд үлгэрчилсэн уншлага хийхээр төлөвлөвөл, хичээлд орохын өмнө багш өөрөө унших бэлтгэлээ сайн хийх шаардлагатай. Багш урьдчилсан бэлтгэл хийхдээ уул сэдвийг олон дахин нягтлан уншиж зохиолын гол утга санааг уншигчийн сэтгэлийн хөдөлгөөний ачаар дүрслэн гаргахын тулд хаана ямар үгийг хэрхэн яаж дуудах, түүний хөг аялга, утгын өргөлт, цэг таслал, удаан түргэн зэргийг зөв тохируулахад онцлон анхаарч, уншлагын бүхий л шаардлагыг хангана. Өөрөөр хэлбэл үлгэрлэн унших уншлагын үед багш нэг ёсондоо жүжигчний үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм. Жүжигчин хүн үзэгчдийн анхаарлыг өөртөө татаж тэднийг хөгжөөн баясгаж инээлгэх буюу эсвэл гунигт үед нулимс унагаж уйлуулж чаддаг шиг, багшийн үзүүлэх уншлага тийм итгэл үнэмшлийг сурагчдад төрүүлэхээр байна. Багш үлгэрлэн унших буюу уран уншлагын тусгай бичлэг сонсгох нь сурагчдын санаа сэтгэлийг хөдөлгөж зохиолыг цаашид үргэлжлүүлэн гүйцээж унших хүсэл эрмэлзлийг төрүүлж, цээжилж тогтооход тусална. Давтан унших: Энэхүү уншлагын зорилго нь хүүхдийн унших чадвар дадалыг эрс сайжруулан, тэдний хэл яриаг хөгжүүлэхэд оршино. Үүнийг биелүүлэхийн тулд эх зохиолыг хэсэглэн аль болохоор олон сурагчдаар уншуулж, тэдгээр хэсэг тус бүрийн агуулгыг тайлбарлан ярилцаж, дүгнэлт хийнэ. Давтан унших хичээлийг явуулахдаа ангийн сурагчдын унших чадвар, дадлага, хэл ярианы чадварыг жигдрүүлэхэд анхаарна. Уншлагын явцад хүүхдийн гаргаж байгаа алдааг бага гэхгүй тухай бүрд нь засаж, дараагийн хичээл дээр давтан уншуулж, тэдний уншлагын ололт дутагдлыг багш тэмдэглэн, хүүхэд бүр дээр алдааг нь өдөр өдрөөр багасгах чиглэлээр нарийн тооцоотой ажиллана. Тухайлбал, сурагчид зарим нэг үгийг тод хэлэхгүй бүрхэгдүүлэх, цэг таслалыг үл хайхрах, зохиолын агуулгыг илэрхийлэх аялга өргөлт, уншлагын удаан түргэн, дууны өнгө зэргийг тохируулахгүй байх алдаа гаргадаг. Эдгээрийг засахад давтан унших уншлага чухал ач холбогдолтой. 
Сонгон унших: Зохиолоос тодорхой нэг буюу хэд хэдэн хэсгийг сурагчид бие даан сонгон олж унших нь эх зохиолтой ажиллаж, чухал хэрэгцээтэй материалыг сонгон авах, түүнийг өөрийн хэрэгцээ зорилгод ашиглаж чаддаг болоход сонгон унших уншлага чиглэгдэнэ. Мөн энэ уншлагыг явуулснаар зохиолын дүрүүдийн зан харьцааны байдалд ялгаруулалт хийн, мэдлэг бүтээн ярилцахад дөхөмтэй болно. Ингэснээр хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх, эргэцүүлэн бодох, сэтгэн бодох, төсөөлөх, цэгнэн үзэх гэх мэт оюуны үйл зэрэгцэж байдаг тул анхнаас нь унших тавилыг багш удирдан зөв тавьж өгөх ёстой.
Төлөөлөн унших:Төлөөлөн унших буюу дүрээр унших уншлага нь сурагчид зохиогчийн болон баатруудын өгүүлэмжийг дүрээр төлөөлөн унших явцдаа оногдсон хэсгээ зөв олж уншихын тулд өөрсдийн ээлжийг болтол бусдын уншиж байгаа хэсгийг алдалгүй, харааны уншлагаар уншдаг. Энэ нь хүүхдийн анхаарлыг, үзэж байгаа сэдэв дээр төвлөрүүлэх чухал арга юм. Уншлагын явцад зохиолын агуулга, үйл явдал дүрслэгдэж буй хүмүүсийн хоорондын харьцаанаас хүүхэд бүр төлөөлж байгаа дүрүүдийнхээ зан чанар, төрх байдал, хүсэл зорилгыг танин мэдэж түүнийг илэрхийлэх чадвараас суралцдаг. 
Нийтээр унших:Бага ангийн сурагчдын хувьд унших чадварыг жигд сайн эзэмшээгүй, хэл ярианы баялаг дутмаг байдгаас уншлагын энэхүү аргаар үе үе хичээллэх нь илүү тохиромжтой байдаг. Ангийн бүх сурагчид хамтарч нэгэн зэрэг чанга дуугаар унших нь:  Зохиолыг хамт олноороо цээжлэх бэлгтэл хийх  Уншихад хэцүү үгийг зөв дуудаж сургах  Хүүхдийн үг ярианы гажгийг засах зэрэгт чухал нөлөөтэй.  Нийтээр унших арга нь шүлэглэсэн зохиолыг бүхэлд нь буюу хэсэглэн уншихад илүү тохиромжтой. 
Уран унших: Уран зохиолын гайхамшигт зэмсэг болсон үгийн чансааг гүн гүнзгий мэдэрч, зохиолыг үг ярианы авиа аялгуугаар амилуулахыг уран уншлага гэнэ. Өөрөөр хэлбэл зохиолд агуулагдсан утга санаа-сэтгэлийг зохиолчийн бодлын дагуу үнэн зөв дамжуулах арга хэрэглүүрийг аман ярианаас эрж олно гэсэн үг юм. Уншлагын тэр хэрэглүүр нь үг ярианы өнгө аяс болно. Үгээр урлахуйн авьяас онгодоор хөглөгдөн, билиг оюуны чансаа мэдрэмжээ сорин уран сэтгэмж, хичээл зүтгэлийн илрэл болсон уран яруу уншлагыг явуулахын тулд унших аялга, зогсосхийлт, утгын өргөлт, үг ярианы хурдац, өгүүлэх хөг ая, дууны өнгө зэргийг уншигчийн авьяас мэдрэмжээр нарийн айзам хэмнэлээр илэрхийлдэг. Уран уншлага бол хүүхдийн гоо сайхны итгэл таашаалыг төлөвшүүлэх хийгээд тэдний урлагт хандах гоо зүйн хандлага, дур сонирхолыг дээшлүүлж үгийн шидийг ухаарч мэдрэх, оюун санааны баялгийг нэмэгдүүлэн шидэт үгийн араас сэнхрүүлэн дагуулж чадах авьяаслаг бүтээлч нэгэн болоход нөлөөлнө.

No comments:

Post a Comment